МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр                                                   Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж
1.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1.Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хууль үйлчилнэ.
2.Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчим
Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь үндсэн зарчмыг баримтална:
1/хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах;
2/төр, иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага  үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх;
3/хүүхдийн бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хөгжлийг хангах, сурч боловсроход эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг, хариуцлага хүлээх;
4/хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх;
5/хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эх орноосоо гарах, буцаж ирэх эрх Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ Хүүхдийн эрх, журамт үүрэг
5 дугаар зүйл.Хүүхдийн амьдрах эрх
1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.
2. Хүүхэд  эрүүл мэнд  өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.
4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах,  тэтгэвэр  тэтгэмж, асрамж, халамж хүртэх эрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх  үзлэг, шинжилгээ,  дархлаажуулалт  болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
5.Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суух газрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.

6 дугаар зүйл.Хүүхдийн хөгжих эрх
1.Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй.
2.Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй.
3.Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
4.Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно. Хүүхдэд шашны үзэл номлолыг тулган хүлээлгэх, хүүхдийг хууран мэхлэх замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгахыг хориглоно.
5.Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүүхдэд үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах,  терроризм  болон бусад гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглоно /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй. Хүүхдийг орчноос нь тусгаарлах, бусадтай харилцахыг хязгаарлах явдлыг хориглоно /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.

7 дугаар зүйл.Хүүхдийн хамгаалуулах эрх
1.Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжид байна.
2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолд хүүхэд тэдэнтэй хууль ёсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.
3.Хүүхэд нэр төр, эрүүл мэнд, хувийн болон  захидал  харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
4.Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи, тамхи, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх, хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлох буюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаан зовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьж албадан гэрлүүлэх; хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийг хориглоно /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
5.Төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан  хорих ял  эдэлж байгаа хүүхдийн нэр төрийг хүндэтгэн хамгаалж, сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх, хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно. Хүүхдийг албадан саатуулах, цагдан хорих болон насанд хүрээгүйчүүдийн хорих байгууллагын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын  гишүүн  батална /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
6.Иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага  хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь  аюул  учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.

8 дугаар зүйл.Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх
1.Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, амрах эрхтэй. Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан, амжилт гаргасан хүүхдэд төрөөс зохих дэмжлэг, урамшуулал үзүүлнэ. Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд  аюул  учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд  аюул  учруулах тоглоом наадмын жагсаалтыг эрүүл мэндийн болон хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага  батална /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
2.Хүүхдэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хүүхдэд аль нэг улс төрийн үзэл сургаал тулган хүлээлгэх, бага насны хүүхдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
3.Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээнд үнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
4.Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхтэй. 5.Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх эрхтэй.

9 дүгээр зүйл.Хүүхдийн журамт үүрэг.
Хүүхэд дараахь журамт үүрэг хүлээнэ:
1/эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах /Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/;
2/эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;
3/суурь боловсрол заавал эзэмших;
4/төрийн хууль ёсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших;
5/эрүүл мэндээ хамгаалах;
6/авьяас чадвараа хөгжүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ Хүүхдийн эрхийг хамгаалахад төр, олон түмний оролцоо 

10 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах талаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрх
Хүүхдийн эрхийг хамгаалах талаар Засгийн  газар  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;
2/хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
3/хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
4/хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт хүмүүжил, амралт, хэвлэл, мэдээллийн болон халамжлан хүмүүжүүлэх, асарч сувилах, түр саатуулах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх.

11 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрх
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
2/хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авах/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/;
3/хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засаг даргын явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих;
4/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах арга хэмжээ авах, энэ талаар гарсан үүсгэл санаачилгыг дэмжих;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, түүний үр дүнг олон нийтэд мэдээлэх;
3/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий хүүхдийн сургалт, соёл, хүмүүжил, амралт, хэвлэл, мэдээллийн болон халамжлан хүмүүжүүлэх, асарч сувилах, түр саатуулах байгууллагыг байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг нь хянаж шалгах;
4/хүүхдэд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалт, хүмүүжлийн байгууллагын ажлыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;
5/онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг судлан тогтоож, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авах;
6/холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэний санал хүсэлт, шүүхийн шийдвэрийг үндэслэн хүүхдийг төрийн асрамжинд авах;
7/төөрсөн, орон гэрээсээ дайжсан болон бусад шалтгаанаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтаас гадуур байгаа хүүхдийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх  ажилд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургууль, цагдаагийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг оролцуулах;
8/хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах, хүүхдийн зориулалтын барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, зориулалтын дагуу ашиглуулах;
9/хүүхдийн эрхийг хамгаалах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилга, хүүхдийн оролцоог хөхүүлэн дэмжих, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
10/онцгой болон хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн нийгмийн хамгааллын холбогдолтой мэдээллийг Yндэсний статистикийн газраас баталсан аргачлалын дагуу гаргаж, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;
11/ хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөх, туслах үүрэгтэй нийгмийн ажилтны үйл ажиллагааг дэмжих, арга зүйн удирдлагаар хангах;
12/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
З.Баг, хорооны Засаг дарга хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний санал хүсэлтийг судлах, шийдвэрлэх буюу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах;
2/тухайн баг, хорооны харьяат хүүхдийн талаар судалгаа гаргаж, шаардлагатай мэдээллийг дээд шатны Засаг дарга болон холбогдох байгууллагад өгөх, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг
1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараахь үүрэг хүлээнэ:
1/хүүхдийн  эрүүл мэндийг хамгаалах  амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах;
2/хүүхдэд удам угсаагаа мэдүүлж, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг эзэмшүүлэх;
3/хүүхдэд эх орон, ард түмэн, эцэг эх, ах дүү, төрөл садан, бусад хүнийг хайрлан хүндэтгэх үзэл, үнэнч шударга, тэвчээр хатуужилтай зан чанар, харилцааны соёл төлөвшүүлэх;
4/хүүхдийг архидах, мансуурахад донтох, садар самуунд автах, хүчирхийлэл, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд өртөх, хараа хяналтгүй орхихоос сэргийлэх, хамгаалах;
5/ хүүхдэд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, амь насанд нь  аюул  учруулах хөдөлмөр эрхлүүлэхгүй байх;
6/хүүхдийг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хамт олон, хүүхдэд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийн дэмжлэг туслалцааг авч, хамтран ажиллах;
7/хүүхдийг эрүүл мэндийн болон хууль тогтоомжид заасан бусад даатгал, эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх  арга хэмжээнд хамруулах;
8/хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах, үзэл бодлыг хүндэтгэх, саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх;
9/хүүхдэд журамт үүргээ биелүүлэхэд нь туслах;
10/хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу арилгах;
11/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
2.Эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

13 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
1.Иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага  хүүхдийн эрхийг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
1/хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд тусламж дэмжлэг үзүүлэх;
2/хүүхдэд оюун санаа,  ажил  үйлс, ёс суртахууны хувьд сайн үлгэр дууриал үзүүлж, тэднийг сурган хүмүүжүүлэхэд санаа тавьж, холбогдох арга хэмжээ авах;
3/онцгой, хүнд нөхцөлд байгаа хүүхдэд сэтгэл санаа, эд хөрөнгийн болон бусад хэлбэрийн туслалцаа үзүүлэх;
4/хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлэх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахыг холбогдох байгууллага, албан тушаалтанд санал болгох;
5/хүүхдийн байгууллага, хүүхдийн ордон, зуслан, номын сан, театр, хэвлэл мэдээллийн газар, соёл хүмүүжлийн ба халамжийн төв зэрэг байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
6/хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл,  садар самууныг сурталчлах  зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх;
7/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хүүхдэд үзүүлэх нийгмийн халамж
14 дүгээр зүйл.Хүүхдийг нийгмийн халамжийн арга хэмжээнд хамруулах
1.Хүүхдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.
2.Хүүхдэд нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,  иргэн  нь төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна.
3.Хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх журам, асрамжийн байгууллагын жишиг дүрмийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын  гишүүн  батална.
4. Хүүхдэд нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, аж ахуйн нэгж,  иргэн  дараахь үүрэг хүлээнэ:
1/хүүхдийн нас, бие бялдар, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх;
2/хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж,  урьдчилан сэргийлэх  үзлэг, шинжилгээ,  дархлаажуулалт  болон эрүүл мэндийн даатгалд хамруулах;
3/хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн баталгаат хоол хүнс, хувцас, ахуйн хэрэгслэлээр хангах;
4/хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, боловсрол эзэмших боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллах;
5/хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
6/хүүхдийг хамгаалах, үзэл бодлыг нь хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх;
7/хүүхдэд үзүүлсэн нийгмийн халамж, асрамж үйлчилгээний тайлан болон хүүхдийн шилжилт хөдөлгөөний тухай мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж өгөх;
8/хүүхдийг бусдын асрамжинд хууль бусаар шилжүүлэхгүй байх.

15 дугаар зүйл.Онцгой ба хүнд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх нийгмийн халамж, тусламж
1.Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг  онцгой нөхцөлд байгаа хүүхэд  гэж үзнэ. Ийм нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх асуудлыг Засгийн  газар  тухай бүр шийдвэрлэнэ.
2.Бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь  аюул  учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг  хүнд нөхцөлд байгаа хүүхэд  гэж үзнэ. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүнд нөхцөлд байгаа хүүхдэд дараахь халамж, хөнгөлөлт, тусламж үзүүлнэ:
1/боловсрол,  мэргэжил  эзэмшихэд туслалцаа үзүүлэх;
2/эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, сувилах,тахир дутуу хүүхдэд хиймэл эрхтэн болон бусад хэрэгслийг үнэ төлбөргүй олгох;
3/хүнд нөхцөлд байгаа хүүхдийг үрчилсэн гэр бүлд төрөөс  тэтгэмж  олгох;
4/хүүхдийг асран хамгаалах байгууллагад шилжүүлж, халамжийн үйлчилгээнд хамруулах;
5/хүүхдийг сайн дурын үндсэн дээр асран хүмүүжүүлэх гэр бүлд дэмжлэг үзүүлэх.
3.Өвлөх хөрөнгөгүй бүтэн өнчин хүүхэд төрийн асрамжаас гарахад орон нутгийн төрийн  захиргааны байгууллага  орон байраар хангана.
4.Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг, садар самуунд өртсөн хүүхдийг цагдаа, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн байнгын хяналтад байлгаж, эмчлэх, сувилах, хүмүүжүүлэх арга хэмжээ авна.
5.Хараа хяналтгүй, хаяг нь тодорхойгүй, гэр бүлдээ өсч хүмүүжих, суралцах боломжгүй, эрх нь зөрчигдөж байгаа болон хэрэг зөрчилд холбогдсон хүүхдийг түр саатуулах, халамжлах, хөдөлмөр хүмүүжлийн байгууллагад сурган хүмүүжүүлэх зардлыг төсвөөс санхүүжүүлнэ. Дээрх байгууллагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, тусламжийн хөрөнгөнөөс санхүүжүүлж болно. Хүүхдийг түр саатуулах, халамжлах болон хөдөлмөр, хүмүүжлийн байгууллагад зохих мэргэжлийн хүн ажиллах бөгөөд байр, танхим нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

ТАВДУГААР БҮЛЭГ Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, түүний чиг үүрэг
16 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төв байгууллага

1.Хүүхдийн талаар явуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын  гишүүн  хариуцна.
2. Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд хүүхдийн төлөө үндэсний  байгууллага  байна.
3.Хүүхдийн төлөө үндэсний  байгууллага  дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн талаар явуулах төрийн бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилго бүхий байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөлгөө өгөх, арга зүйгээр хангах;
3/хүүхдийн асуудал эрхэлсэн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах;
4/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
5/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулах;
6/хүүхдийн эрхийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа явуулах, мэдээллийн  сан  бүрдүүлэх,  нэгдсэн сүлжээ  байгуулах;
7/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
4. Хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дүрмийг Засгийн газар батална .

17 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах орон нутгийн байгууллага
1.Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцна.
2.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө  байгууллага  байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн/.
3.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө  байгууллага  дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/төрөөс хүүхдийн эрхийг хамгаалах талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого,үйл ажиллагааг зохион байгуулах;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
3/эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх,  нийгмийн халамж  үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
4/хүүхдийн эрхийг хангах ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
5/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
4.Аймаг, нийслэлийн хүүхдийн байгууллагын даргыг нийгмийн салбарын болон хүүхдийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийнхуулиар нэмсэн/.

18 дугаар зүйл.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
1.Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, төр, олон нийтийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулах үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байна.
2.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд төр, олон нийт, шашны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, иргэд оролцоно.
3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Хүүхдийн төлөө үндэсний байгууллагаар гүйцэтгүүлнэ.
4.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд, дүрмийг зөвлөл өөрөө батална.

19 дүгээр зүйл.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үүрэг
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл дараахь үндсэн үүргийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, түүний хэрэгжилтэд;
2/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны тайлан, мэдээллийг сонсох, энэ талаар цаашид авах арга хэмжээний тухай саналаа Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
3/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, тэдгээрийн гаргасан санал, санаачилгыг дэмжих;
4/ хүүхдийн төлөө сан байгуулж, түүний орлого, зарлагын төсвийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах, олон нийтэд мэдээлэх /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
5/хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гаргаж, гавьяа байгуулсан хүүхэд,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнах, урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих;
6/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
7/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

20 дугаар зүйл.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл байна.
2.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
3.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллагаар гүйцэтгүүлнэ.
4.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн дүрмийг уг зөвлөл өөрөө батална.

21 дүгээр зүйл.Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллага
1.Хүүхдүүд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн нөхөрлөл, хамтлаг,  холбоо  байгуулж болно. Хүүхдийн сайн дурын байгууллагад боловсролын болон бусад  байгууллага  дэмжлэг, туслалцаа үзүүлж, арга зүйн удирдлагаар хангана.
2.Насанд хүрэгчид хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйлсэд туслах зорилгоор  төрийн бус байгууллага  байгуулан ажиллаж болно.

22 дугаар зүйл. Хүүхдийн төлөө сан /Энэ зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Хүүхдийн төлөө сан байгуулна .
Хүүхдийн төлөө сангийн дүрмийг Засгийн газар батална .

ЗУРГАДУГААР БҮЛЭГ Бусад зүйл
23 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

1.Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
2.Хүүхдийн болон хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллага, тэдгээрийн албан тушаалтан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавина.

24 дүгээр зүйл.Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар гомдол, нэхэмжлэл гаргах
1.Хүүхэд эрхээ зөрчигдсэн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол,  нэхэмжлэл  гаргана.
2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийгмийн ажилтан, бусад  иргэн  хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол,  нэхэмжлэл  гаргаж болно.
3.Хүүхдийн төлөө байгууллага, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан  ажилтан  эрх нь зөрчигдсөн хүүхдийг төлөөлөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, зайлшгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахуулахаар Засаг дарга, төрийн байгууллагад  гомдол  гаргана.

25 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1/хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, хавчин шахаж хүч хэрэглэсэн иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр торгох буюу З0 хүртэл хоногоор баривчлах;
2/хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар санаатай гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг санаатай хэрэглүүлсэн иргэн, албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр торгох;
3/хүүхдийг эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх  тарилга, эрүүл мэндийн даатгалд санаатайгаар хамруулаагүй иргэн, албан тушаалтныг 15000-20000 төгрөгөөр торгох;
4/хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнээр төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, түүнийг 50000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах;
5/хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах  ажил  хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох;
6/өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь насанд нь  аюул  учруулах тоглоом, наадамд оролцуулах үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтны олсон ашиг, орлогыг хурааж, 30000-60000 төгрөгөөр торгох;
7/хүүхдийг хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, сүм хийдэд албадан суулгасан иргэнийг 20000-З0000 төгрөгөөр, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох;
8/Энэ заалтыг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.
26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

/Энэ хуулинд Монгол Улсын 2003 оны 5 дугаар сарын 22-ны, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны, 2006 оны 6 дугаар сарын 29-ний, 12 дугаар сарын 22-ны, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./

Leave a Reply