Мэндчилгээ

Өнөөдрийн байдлаар аймгийн нийт хүн амын 34 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд, 44 хувийг 15-34 хүртэлх насны өсвөр үе, залуучууд эзэлж байгаа бөгөөд нийт22405 өрх гэр бүлд 25642 хүүхэд, өсөн торниж, амьдарч байна. Энэ тоон үзүүлэлтээс харахад Дорнод аймаг харьцангуй залуу бүтэцтэй аймаг бөгөөд аймгийн хөгжлийн бодлогын төвд хүүхэд, залуучуудын асуудал онцгой байр суурийг эзэлж байдаг юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалыг Дорнод аймаг дэмжин “Хүүхдэд ээлтэй аймаг” болохыг зорьж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 63 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй засаглал” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хамт болон бид хүлээсэн чиг үүргийнхээ дагуу нийгмийн хариуцлагатай түншлэлийг эрхэмлэн олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эх, олон нийт, хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхэнтэй идэвхитэй хамтран ажиллаж байгаа билээ.
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй эрин үед бид орон нутгийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын талаар Монгол улсын Засгийн газраас болон орон нутгаас баримталж буй бодлого чиглэл, тус хэлтсээс хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэлээ энэхүү цахим хуудсаар Та бүхэнтэй хуваалцаж, бидэнтэй хамтран ажиллах, зөвлөн туслах хүсэл сонирхолтой хэнийг ч болов бид талархан хүлээн авах болно.
Тал нутгийн минь айл өрх бүр аз жаргалтай, хүүхэд бүхэн инээмсэглэл дүүрэн байх болтугай.

ДОРНОД АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА А.НАНСАЛМАА

Leave a Reply