Хүүхэд хамгаалал

Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх (2010-2015) стратеги

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн

2010 оны 5 дугаар сарын 25-ны

өдрийн 01 дугаар тогтоолын хавсралт

Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх (2010-2015) стратеги

ҮНДЭСЛЭЛ:

Дэлхий дахины чиг хандлага

Дэлхийн улс орнуудад болон дэлхийн хөгжлийн салбарууд дахь өөрчлөлт, шинэчлэлийг хүн төрөлхтний хамгийн үнэ цэнэтэй, нөөц баялаг болсон хүүхэд, залуусын эрх, ашиг сонирхолд хандуулж, хүүхдийн эрхээс эхтэй хүний эрхийг аливаа хэлбэрээр үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлаас хамгаалахын төлөө дэлхий нийтээрээ Мянганы хөгжлийн зорилт дэвшүүлж, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц”-ийг бүтээж байна.

Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний илтгэлд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан дүгнэлт, зөвлөмж /1996, 2000, 2005, 2010 он/, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын явуулсан Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх дэлхийн хэмжээний асуулга судалгааны мөрөөр Засгийн газруудын хийх үйл ажиллагааны зөвлөмж /2006 он/, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны өгсөн “Бие махбод, сэтгэл санааны болон хэрцгийгээр нэр төрийг доромжлох хэлбэрийн шийтгэлээс хамгаалагдах хүүхдийн эрхийн ерөнхий тайлбар №8” /2006/, “Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн Ерөнхий зөвлөмж №12” /2009/ зэрэг баримт бичгийн заалтад нийцүүлэн хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж, тусгайлсан бодлого, зохицуулалтаар хангахыг улс орнуудаас шаардаж байна.

Монгол улсын амжилт, сургамж

Монгол Улсад эхэлсэн нийгмийн шилжилтийн үеийн 1992-2002 он нь олон хүүхдийн амьдралд нөлөөлсөн өөрчлөлтийн жилүүд байсан. Тэдгээр өөрчлөлтийн үр нөлөө нь өөр хоорондоо эерэг, сөрөг уялдаатай, харилцан хамааралтай байж аливаа хохиролд өртсөн, эрсдэлтэй, эмзэг байдалд орсон буюу хамгаалуулах шаардлагатай хүүхдийн тоог нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байсан.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хамгаалах болон бусад холбогдох хууль, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах хоёр 10 жилийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэн хүүхэд, гэр бүлийн амьдралыг сайжруулах Засгийн газрын болон иргэдийн санаачлагатай ажил, үйлчилгээг нийгэм дэх байнгын өөрчлөлтүүдтэй уялдуулан явуулж багагүй туршлага, сургамж хуримтлуулсан.

Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцооны талаар гарсан олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг Монгол Улс соёрхон батлах, эдгээр баримт бичгийн үзэл санаанд тулгуурлан хүүхдэд ээлтэй эрх зүйн шинэтгэл явагдаж байна.

“Мянганы хөгжлийн зорилт (1990-2015)”, “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр (2000-2015)-ийн хүрээнд манай улс хүнд нөхцөлд байгаа хүүхдийн аж байдлыг сайжруулах гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажилласан сургамждаа тулгуурлан цаашид, 2015 оны наана хүүхэд хамгааллын асуудлыг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлын хүрээнд нарийвчлан авч үзэж, Монгол улсын хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги зорилт дэвшүүлэн хойшлуулашгүй арга хэмжээнүүдийг авах шаардлага бий болсон.

Хэрэгцээ, шаардлага

Хүүхэд хамгаалал нь олон нийтийн хандлага, уламжлалт зан үйл, нийтэд хамааралтай олон салбарын зохицуулалт, мэргэжлийн байгууллага, мэргэшсэн ажилтны тусгайлсан үйлчилгээ, өрх гэрийн харилцаа гэх зэргээр хүн бүрт хамааралтай олон асуудлуудтай холбогддог. Хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлууд мөн өөр хоорондоо харилцан нөлөөтэй гинжин холбоо үүсгэдэг.

Манай улсын хэмжээнд дараах төрөл, хэлбэрийн үйлдлээр зонхилон илрэх, эс илрэх тохиолдлууд байна. Үүнд:

Хүүхэд эрүүл мэнд, боловсрол, халамж, бүртгэл, эрх зүйн зэрэг нийгмийн суурь үйлчилгээний гадна үлдэх, хараа хяналтгүй байх, тэдний үзэл бодлыг үл хүндэтгэх, хайхрамжгүй хандах, алагчлах үйлдлээр хүүхдийг үл хайхрах явдал илэрч байна.

Хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, бэлгийн бойжилтод зүй бус хандах, шийтгэх, дарамтлах, хурьцах үйлдлээр хүүхдийг хүчирхийлэх явдал илэрч байна.

Хүүхдийн биеийг үнэлүүлэх, хөдөлмөрлүүлэх, худалдаалах, хуурч ашиглах, золиослох үйлдлээр хүүхдийг мөлжих явдал илэрч байна.

Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлын хүүхдэд учирсан аюул, эрсдэл нь ямар үр дагаварт хүргэсэн байдлыг албан ёсны судалгаанаас авч үзвэл:

Шинээр төрсөн хүүхдийн 1,7 хувь нь иргэний бүртгэлд бүртгэгдээгүй.
1000 амьд төрөлтөд нялхсын эндэгдэл 51, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 40 ногдсон.
Сүрьеэ/2,4/, саа/7,0/, сахуу/8,0/, улаан бурхны эсрэг/23,9/ болон 1 хүртэлх насандаа/32,5/ хамрагдвал зохих хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй.
5 хүртэлх насны хүүхдийн 6.3 хувь нь тураалтай, 21 хувь нь өсөлтийн хоцролттой, 2,2 хувь нь туранхай байна.
Боловсролын үйлчилгээнд хамрагдвал зохих хүүхдийн 19,5 хувь нь сургуулийн өмнөх боловсролын, 20,3 хувь нь бага сургуульд элсэх, 4,7 хувь нь бага сургуулийн, 14,6 хувь нь дунд сургуулийн сургах үйлчилгээний гадна байна.
Хамрагдвал зохих хүүхдийн 7,9 хувь нь өнчин, 3,8 хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй, 16,6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 18,1 хувь 5-14 насандаа, 22,5 хувь нь 5-17 насандаа хөдөлмөр эрхэлдэг.
Хамрагдвал зохих хүүхдийн 79,4 хувь нь сэтгэл санааны болон бие махбодийн ямар нэгэн шийтгэл авсан, 7,7 хувь нь 18 нас хүрэхээс өмнө гэрлэсэн, 3,3 хувь нь гэр бүлтэй, хамтран амьдрагчтай 15-19 насны охид, бүсгүйчүүд байна.
200 хүүхэд орон гэрээсээ дайжсан, 100 хүүхэд хараа хяналтгүй хэсүүчлэн тэнэж амьдарч байна.
Насанд хүрээгүй хүний үйлдсэн 664 гэмт хэрэгт 943 хүүхэд холбогдсон.
Нийт хүүхдийн 13 хувь нь насанд хүрсэн хүний асран хамгаалалтгүйгээр үлдсэн.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 9,9 хувь нь тэжээгчээ алдагчид байна.
2501 хүүхэд өөр гэр бүлд үрчлүүлсэн, 1219 хүүхэд асрамж, халамж, хамгааллын төвд амьдарч байна.
Гэмт хэргийн улмаас 117 хүүхэд, үүнээс амиа хорлох учралаар 59, авто ослоор 36 хүүхэд, мөн бусад гэмтэл ба өвчний улмаас 1800 хүүхэд нас барсан.

Эдгээр тоо баримт Монгол улсад хүүхэд үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдалд өртснийг нотолж байгаа хэрэг мөн. Хүүхэд өөрийгээ бүрэн хамгаалж чаддаггүй учраас насанд хүрэгчдийн хандах хандлага, харилцаа, үйлдлээс хамааралтай байна.

Мянганы хөгжлийн зорилт (1990-2015), Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтууд (2005-2015), Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-2021), Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2008-2012), Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр (2002-2010) зэрэг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хүүхэд хамгааллын асуудалтай уялдуулан авч үзэж, хүүхэд хамгааллын талаар олон нийтийн нэгдмэл ойлголт, хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй юм.

Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлын улмаас хууль ёсны зохих эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн хүүхдийн эрсдэлтэй, аюултай, эмзэг нөхцөл байдлыг үнэлэх, төрөөс тэдэнд үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжилтийг хамтын ажиллагаа, түншлэл, хүүхдийн оролцоотойгоор зохион байгуулах үйл явцыг хүүхэд хамгаалал гэсэн ойлголтод хамааруулж байна.

Хүүхэд хамгааллыг төрийн үйлчилгээний нэг төрөл, хэлбэр болгох нь хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлаас сэргийлэх, хамгаалах тогтолцоог хөгжүүлэх, мөн улсын онц болон онцгой байдлын үед хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангахад бэлэн байх ач холбогдолтой.

Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн эрхүүд хангагдах суурь нөхцлийг баталгаажуулах стратеги болно.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

Хүүхэд бүрийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлаас сэргийлэх, хамгаалах тогтолцоог хөгжүүлнэ.

СТРАТЕГИЙН ЗАРЧИМ:

Хүүхэд, эцэг эх, албан тушаалтан, олон нийтийн бүхий л сонголт, үйлдэл, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаа нь дараах зарчимд нийцнэ. Үүнд:

Хүүхдийн аюулгүй байдал, эрхэд суурилах
Хүүхдийг гэр бүл, гэр бүлтэй дүйцэх орчинд дэмжих
Хүүхэд хамгааллын түншлэлийг хөгжүүлэх
Үр нөлөө, үр ашигт чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
Хүүхдийн нас, хүйс, бие, сэтгэхүйн онцлогийг эн тэргүүнд харгалзаж, түүний үзэл бодолд зохих ач холбогдол өгдөг байх

СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА:

Хүүхэд хамгааллын талаар баримтлах стратеги нь Монгол улсад хүүхэд хамгааллыг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

2010-2011 онд хууль, эрх зүй, арга зүйн өөрчлөлт, шинэчлэлийн зорилтыг хангана.
2012-2015 онд удирдлага, санхүүжилт, үйлчилгээ тогтворжих зорилтыг хангана.

СТРАТЕГИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Нэг. Хүүхэд хамгааллын удирдлага, санхүүжилтийг бэхжүүлэх

Зорилт 1.1 Хүүхдийн эрхтэй холбоотой олон улсын баримт бичгийн орчуулга, нэр томъёог эрх бүхий байгууллагаар хянан баталгаажуулах, хүүхэд хамгааллын эрх зүйн орчинг Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, олон улсын стандарттай нийцүүлэн сайжруулна.

Үйл ажиллагаа:

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг зүйл, заалт бүрээр үнэлгээ хийх, хуулийг хэрэгжүүлэх аргачлал, зөвлөмж гаргах, сургалт зохион байгуулах, хэрэгжилтийг хангах
Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл санаачлах, хэрэгжүүлэхтэй холбоотой арга зүй, удирдамж боловсруулах, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай”, “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “Иргэний бүртгэлийн тухай”, “Хөдөлмөрийн тухай” болон бусад холбогдох хуулинд хүүхэд хамгааллын салбар дундын зохицуулалт, чиг үүрэг, хариуцлагын асуудлыг нарийвчлан тусгах, хуулиудыг Хүүхдийн эрхийн тухай конвенцид нийцүүлэх
Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд заасан хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагыг байгуулах, ажиллуулах
Гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхдийн эрхийг хамгаалах талаар холбогдох хуулинд нэмэлт оруулах
Насанд хүрээгүй хүний хэргийг хялбарчилсан журмаар шийдвэрлэх, хувилбарт арга нэвтрүүлэх асуудлаар эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ба шаардлагатай тохиолдолд зарим хуулийн заалтуудад Улсын дээд шүүхээс тайлбар гаргуулах
Хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хориглох асуудлаар эрүүл мэнд, боловсрол, халамж, гэр бүл, хөдөлмөр, цагдаа, нийгмийн дэг журам хангахтай холбогдсон хуулиудад нэмэлт оруулах
Хүүхэд хамгаалалд хэрэглэх ухагдахуун, нэр томъёог нэгтгэсэн тайлбар толь боловсруулах, олон нийтэд таниулан ойлгуулах

Зорилт 1.2 Хүүхэд хамгааллын удирдлага, санхүүжилтийг хангах бүтэц, тогтолцоог хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа:

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг хүүхэд хамгааллын онцгой асуудлыг зөвшилцөх, салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын мэдээлэл сонсох, байгууллага хоорондын ажил, үйлчилгээний уялдаа, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр чадавхжуулах
УИХ дахь Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих бүлэг хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчинг судлах, шинэчлэх, хөгжүүлэх
Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд хамгааллын санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчинг сайжруулах
Үндэсний болон аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, хэлтсийн хүүхэд хамгааллын чиг үүрэг, орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, шаардлагатай алба, нэгж, ажилтны ажлын байрыг нэмэгдүүлэх, олон нийтэд түшиглэсэн үйлчилгээг хүргэх тогтолцоо бий болгох
Хүүхэд хамгааллын статистик, мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээ, судалгааны мэдээллийн сан, мэдээлэл солилцох сүлжээг хөгжүүлэх
Хүүхэд хамгааллын асуудлаар Засгийн газрын зарим чиг үүргийг олон нийт болон төрийн бус байгууллага, хүүхэд хамгааллын сүлжээдэд гэрээлэн гүйцэтгүүлэх нөхцөл, шаардлагыг сайжруулах
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар хүүхэд хамгаалалд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх бодлого баримталж, олон нийтэд түшиглэсэн төв, хамтарсан багт бүх талаар дэмжлэг үзүүлэх, үйлчилгээ, үйл ажиллагааг нь үнэлэх, дүгнэх, мэдээлэх орон нутгийн түвшний тогтолцоо бий болгох
Баг, хорооны түвшинд хүүхдийн элч ажиллуулах хэлбэрээр хүүхэд хамгааллын бие даасан хөндлөнгийн хяналтын тогтолцоог хөгжүүлэх

Зорилт 1.3 Эрүүл мэнд, боловсрол, халамж, хууль хяналтын болон бусад салбар, байгууллагын мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын үйлчилгээ, туслалцааг хүүхэд хамгаалалд нэмэгдүүлж оролцоо, үүрэг, хариуцлагыг сайжруулна.

Үйл ажиллагаа:

Салбар, яамдын хүүхэд хамгааллын талаар хүлээх үүргийг оновчтой тодорхойлж, эрх зүйн хувьд баталгаажуулах
Хүүхдийн нас, хүйс, бие, сэтгэхүйн онцлогоос үүдэх бэрхшээл, хүүхдэд учирсан эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлахад салбарын яам, байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог бэхжүүлэх аргачлал, журам боловсруулах
Хүүхдийн төлөө газар, хэлтэс, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, сургалт, хөгжлийн төв, зуслан, асрамж, халамж, хамгааллын төв болон бусад байгууллагад хүүхэд хамгааллын бодлого, дүрэм, журамтай ажиллахыг мөрдүүлэх
Орон нутгийн хүүхэд хамгааллын олон нийтэд түшиглэсэн төв, хамтарсан багийн үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдэд ногдох жишиг зардлын хэмжээг тогтоох
Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг
хүүхдийн төрөлжсөн (хөгжил, спорт, сувилал, гэр бүл гэх мэт) зуслангуудад

зохион байгуулахад шаардагдах зардлын жишиг бий болгох, төрөөс

санхүүжүүлэх

Зорилт 1.4 Хүүхэд хамгааллын байгууллагын ажилтан, хамтрагч, түншлэгч нарын ёс зүйн болон хариуцлагын тогтолцоог хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн дүрэм боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Хүүхэд хамгааллын ажилтны ёс зүйн хороо байгуулах, ажиллуулах
Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдалд өртсөн, хохирсон хүүхдийн хувийн болон гэр бүлийн нууц, хүүхэд хамгааллын үйл явцын мэдээллийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах, нууцлалын код нэвтрүүлэх
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүн болон хамтрагч, түншлэгч нарын мэргэжлийн алдаа, зөрчлийг ёсзүйн хүрээнд авч хэлэлцдэг онол, арга зүйг судлах, туршиж загвар бий болгох

Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, зохицуулалтыг бэхжүүлэх

Зорилт 2.1 Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Хүүхэд хамгаалал болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар олон нийтийн мэдлэг, дадал, зан үйлийг өөрчлөх мэдээлэл, сурталчилгаа, сургалтын арга зүй боловсруулах, хэрэгжүүлэх
Хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлыг үл тэвчих нийгмийн хандлага төлөвшүүлэх
Хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний үнэт чанарыг эзэмших, үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах тухай мэдээлэл, мэдлэг, чадвар олгох хүүхдэд зориулсан сургалт, сурталчилгаа явуулахыг хөхиүлэн дэмжих, боловсролын хөтөлбөрт тусгах
Эрсдэлтэй /хохирсон, орон гэрээсээ дайжсан, дүрвэсэн, гамшигт нэрвэгдсэн, хөдөлмөр эрхэлсэн, хөгжлийн болон үндэсний эх хэлний хүндрэл бэрхшээлтэй, гэмт хэрэгт холбогдсон, хараа хяналтгүй, асрамж, халамжийн төвд амьдардаг, тамхи, архи, мансуурах хэрэглээний хамааралтай, зан төлөв, сэтгэцийн өөрчлөлттэй гэх мэт/ хүүхдийн суурь хэрэгцээ, эрхэд нийцсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга хэлбэрийг боловсронгуй болгох

Зорилт 2.2 Хүүхдийн амралт, чөлөөт цагийг дэмжсэн хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Сум, дүүргийн түвшинд хүүхдийн зуслан, сувилал, соёл урлаг, биеийн тамир, спортын төрөл бүрийн үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх
Сум, дүүргийн нийтийн эзэмшлийн газруудад хүүхдийн тоглоомын, спортын, аялалын гэх мэт аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан талбай, парк байгуулах, тохижуулах олон нийтийн үүсгэл, санаачлага өрнүүлэх, түүний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах
Хүүхдийн амралт, чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах олон нийтийн оролцоо, санаачлагыг зохистой дэмжих
Хүүхдийн амралт, чөлөөт цагийн болон албан бус боловсрол, төлөвшлийг дэмжсэн олон талт арга хэмжээ бүхий хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжруулах

Зорилт 2.3. Хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Сэтгэл зүйн болон сэтгэцийн эмгэг, өөрчлөлтөд орсон хүүхэд, түүний гэр бүлд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх
Хүүхдийн сэтгэл засал, зан үйл өөрчлөх хөтөлбөр, сургалтын арга зүй боловсруулах, хэрэгжүүлэх
Хүүхдэд гэм хор учруулсан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч болон албан тушаалтан, насанд хүрэгчийн зан үйлийг өөрчлөх албадан сургалт, эмчилгээ, хөдөлмөрт хамруулах, хариуцлага ухамсарлуулах үйлчилгээг турших, нэвтрүүлэх
Хүүхдийг түр хамгаалах, асрах, халамжлах гэр бүл, гэр бүлтэй дүйцэх нэгж, хамт олны хувилбарт үйлчилгээний стандарт, санхүүжилтийн журам бий болгох, хэрэгжүүлэх
Зорилт 2.4. Хүүхэд хамгааллын тусламжийн цогц, шуурхай үйлчилгээг хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлын улмаас амь нас, эрүүл мэндэд нь аюул, гэмтэл учирсан хүүхдэд үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх
Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлын улмаас орон гэрээсээ хөөгдсөн, дайжсан, сураггүй алга болсон, хараа хяналтгүй хаягдсан, төөрсөн хүүхдийг хамгаалах, харъяалал тогтоох үйлчилгээг хамтарсан багийн зохицуулалттай өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүрэм, журмыг шинэчлэх
Хүүхдийн утасны тусламжийг төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжлийн үйлчилгээнд суурилан сүлжээгээр үнэ төлбөргүй хүргэх, түгээх
Хүүхэд хамгааллын тусламжийн цогц, шуурхай үйлчилгээг сум, дүүрэгт бий болгох хувилбарууд боловсруулах, турших
Хүүхэд хамгааллын тусламжийн цогц, шуурхай үйлчилгээг төрийн бус байгууллага, хүүхэд хамгааллын сүлжээ болон хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг дэмжих
Онц болон онцгой байдлын үед хүүхдийг аврах, хамгаалах аюулгүй байдлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах

Зорилт 2.5 Хүүхэд хамгааллын үйлчилгээний зохицуулалтыг сайжруулна.

Үйл ажиллагаа:

Хүүхэд хамгааллын мэдээлэл, ярилцлага, үйлчилгээний тэмдэглэл, хүүхдэд учирсан эрсдлийн түвшин, хүүхэд ба гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, үйлчилгээний төлөвлөлт зэргийг хөтлөх үлгэрчилсэн маягт, аргачлал боловсруулах, үйлчилгээний бүх түвшинд мөрдүүлэх
Хүүхэд хамгааллын тоон ба чанарын статистик, шалгуур үзүүлэлт бий болгох, хүүхэд хамгааллын мэдээллийн удирдлагыг хөгжүүлэх
Үндэсний болон аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, хэлтсийн хүүхэд хамгааллын үйлчилгээг зуучлах, шилжүүлэх, дуусгавар болгох үйл явцыг мэдээлэх, тайлагнах чиг үүргийн чадавхи бэхжүүлэх
Хүүхдийн кейс үйлчилгээнд арга зүй ба сахин мөрдүүлэх гэрээ, дүрмийг оролцогч талуудад дадал, хэвшил болгон эзэмшүүлэх
Хүүхдэд кейс үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтны олон талт үүргийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтын болон нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх
Хүүхдийн кейс үйлчилгээний мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод хамтарсан багийн гишүүнээр ажиллах хүүхэд хамгааллын үүргийг тусгах, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн чадварыг дээшлүүлэх

Гурав. Хүүхэд хамгаалал дахь хүүхдийн оролцоог бэхжүүлэх

Зорилт 3.1 Хүүхэд үзэл бодлоо илэрхийлэх орчин бүрдүүлнэ.

Үйл ажиллагаа

Гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүүхдийн хөгжил, хамгааллын болон бусад үйлчилгээний газрууд оролцооны олон арга хэлбэрийг ашиглан хүүхдийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, ажил хэрэг болгох, үр дүнг тэдэнд мэдээлдэг байх ажлын аргачлалыг хэвшүүлэх
Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлын бодит байдлыг хүүхэд үнэн зөв мэдээлэх, ярилцах орчин, нөхцөл бүрдүүлэх
Хүүхдийн яриа, санаа бодол, сонголтыг үндэслэсэн хүүхэд хамгааллын кейс үйлчилгээ явагдах зарчмыг хүүхэд хамгаалалд зан үйл болгон хэрэгжүүлэх
Хүүхэд мэдүүлэг, байцаалт, ярилцлага өгөх, гомдол, мэдээлэл, хүсэлт гаргахад эх хэлний аман, бичгийн, дохионы чадвар эзэмших боломж, нөхцлийг бүрдүүлэх

Зорилт 3.2 Хүүхдийн оролцох эрхийг хангах орчин бүрдүүлнэ.

Үйл ажиллагаа

Хүүхдийн оролцох эрхийн тухай мэдлэг эзэмшүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийт, иргэд, хүүхдүүдэд тогтмол, үе шаттай сургалт, сурталчилгаа явуулах
Хүүхдэд үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох төрөл бүрийн үйл ажиллагааг албан ба албан бус боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулж, хэрэгжүүлэх арга зүй, орчинг бүрдүүлэх
Хүүхдийн сайн дурын үүсгэл, санаачилгын байгууллагын хүүхэд хамгааллын үйл ажиллагааг дэмжих сүлжээ бий болгох, идэвхжүүлэх
Асрамж, халамж, хамгаалал, хууль сахиулах газарт өсч, хүмүүжиж байгаа хүүхдийн үзэл бодол, өргөдөл, гомдолд хөндлөнгийн хяналт хийх дүрэм, аргачлал бий болгох, шинэчлэх
Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдалд өртсөн хүүхдийн дуу хоолойг сонсох нээлттэй талбарыг тогтмол ажиллуулах, санал бодлыг нь тусгасан үйл ажиллагаа, арга хэмжээ авах, мэдээлэх үйл явцыг өргөжүүлэх

Дөрөв. Хүүхдэд мэдрэмжтэй, хариуцлагатай түншлэлийг бэхжүүлэх

Зорилт 4.1 Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны хамгаалагч, халамжлагч, гэр бүл болон гэр бүлтэй дүйцэх орчинд ажиллагсдын хариуцлагатай байдлыг хангана.

Үйл ажиллагаа

Хүүхэд хамгааллын үйлчилгээ болон гэр бүлийг дэмжих халамжийн үйлчилгээнд холбон зуучлах зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх
Хүүхэд, гэр бүлийн дотно харилцааг бэхжүүлэх мэдээлэл, сурталчилгаа, зөвлөгөө, сургалт, дэмжих бүлгийн нөлөөллийн ажлын арга зүй боловсруулах, хэрэгжүүлэх
Хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран халамжлагчид хүүхэд хамгааллын асуудлаар хамтрагч, түншлэгч нартай хамтран ажиллах гэрээ байгуулахыг хөхиүлэн дэмжих, гэрээний хэрэгжилтийг хүүхдийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа үнэлдэг үйл явц болгон мөрдүүлэх, хэвшүүлэх
Хүүхдэд ээлтэй гэр бүл, гэр бүлтэй дүйцэх орчинд баримтлах аргачлал гаргах, мөрдүүлэх

Зорилт 4.2 Хүүхэд хамгааллын байгууллагын ажилтнуудад мэргэжил олгох, мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтын тогтолцоог бий болгоно.

Үйл ажиллагаа

Их, дээд сургуулийн хүүхэд хамгааллын хичээлийн суурь ба сонгон судлах хөтөлбөрийг дэмжих, оюутны олон хувилбарт дадлагын ажлыг зохион байгуулах ерөнхий зураглал, төлөвлөгөө мөрдөж хэрэгжүүлэх
Үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдалд өртсөн хүүхдийг илрүүлэх, мэдээлэх, үйлчлэх үйл явцад хамтрагч, түншлэгчээр ажилладаг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, багш, цагдаа, өмгөөлөгч, прокурор, хуульч, сэтгүүлч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, мэргэжлийн холбоодын сургалт явуулах чадавхийг хөгжүүлэх
Багш, нийгмийн ажилтан, хуульч, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн бакалаврын ба мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөнд сурган хүмүүжүүлэх зүй, хүмүүжлийн эерэг арга хичээлийн хөтөлбөр бий болгох, хэрэгжүүлэх
Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг ажилтныг мэргэшүүлэн сургах, аттестат, сертификат, эрх олгох тогтолцоог хөгжүүлэх

Зорилт 4.3 Хүүхэд хамгааллын тогтолцооны онол, арга зүй болон хүүхэд хамгааллын судалгаа, шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Хүүхэд хамгааллын асуудлаар судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах
Хүүхэд хамгааллын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачийн баг, хүүхэд хамгааллын мэргэжлийн холбоодын дэргэд шинжээчийн зөвлөл ажиллуулах, хүүхэд хамгааллын асуудлаар онол практик, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг явуулах ажлыг дэмжих
Хүүхэд хамгааллын асуудлаар онол, практикийн ном, сурах бичиг, арга зүйг эх хэл дээр хөрвүүлэх, зохиох, хэвлэн түгээх, монголын хүүхэд хамгааллын практик үйл ажиллагааг олон улсын сэтгүүлд нийтлүүлэх, судалгааны байгууллагад шинжлүүлэх ажлыг өргөжүүлэх

Зорилт 4.4 Хүүхэд хамгааллын үйлчилгээнд түншлэлийн зарчмыг хөгжүүлнэ.

Үйл ажиллагаа

Хүүхэд хамгааллын чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг түншлэлийн зарчмаар явуулах үлгэрчилсэн гэрээ, аргачлал боловсруулах, мөрдүүлэх
Олон улсын байгууллагуудтай хүүхэд хамгааллын асуудлаар Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа, зохицуулалт, үр дүнгийн хяналтыг сайжруулах замаар түншлэлийг боловсронгуй болгох
Хүүхэд хамгааллын түншлэлд оролцогч талуудын мэдлэг, чадавхийг хөгжүүлэх
Хүүхэд хамгааллын үйлчилгээг түншлэлийн зарчмаар хүргэх туршилт явуулах, загвар бий болгох

Зорилт 4.5 Хэвлэл, мэдээллээр дамжуулан хүүхэд хамгааллын нөлөөлөл, стратегийн өмгөөлөл явуулахыг дэмжинэ.

Үйл ажиллагаа

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг хүүхэд хамгааллын асуудлаар дагнан мэргэшүүлэх ажлыг идэвхжүүлэх
Хүүхэд хамгааллын асуудлаар олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн кино, сурвалжлага, нийтлэл, хэлэлцүүлэг бэлтгэх, түгээх
Хэвлэл, мэдээллийг хүүхдэд ээлтэй байх бодлого, хөтөлбөрөөр дэмжих
Хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын стратегийн өмгөөллийг хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах ажлыг турших, загвар гаргах, арга зүй боловсруулах
СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Засгийн газрын тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн одоо үйлчилж байгаа харилцааг идэвхжүүлж хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүрэг, оролцоог дайчлан ажиллана.
Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн Зөвлөл, Хүүхдийн төлөө сан, УИХ дахь хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих бүлгийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэгч Хүүхдийн төлөө газар болон түүний харъяа нэгж нь хөндлөнгийн шинжээчийн баг ажиллуулах замаар стратегийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, төлөвлөлт хийж, жил бүрийн 2 дугаар сард Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна.
Стратегийн хэрэгжилтэд шаардагдах зардлыг Монгол улсын дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үе шаттай нийцүүлэн 3 жилээр төлөвлөлт хийж, улс, орон нутгийн төсөв болон хувийн хэвшил, олон улсын хамтрагч, түншлэгчдийн хөгжлийн хөтөлбөр, төслөөс санхүүжүүлнэ.
Стратегийн хэрэгжилтийн нэгдсэн зохицуулалтыг үндэсний түвшинд Монгол улсын Шадар сайд, аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд Засаг дарга хариуцна.
Стратегийн хэрэгжилтийн талаар 2011 онд үр нөлөө, 2014 онд үр ашиг тооцох үнэлгээний ажил зохион байгуулж, нэмэлт, өөрчлөлт хийж ажиллана.

СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ҮЗҮҮЛЭЛТ

Стратегийн хэрэгжилтийг дараахь үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:

Хүүхэд хамгааллын асуудлаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан сайн туршлага, арга зүйн үр нөлөө
Хүүхэд хамгаалалд зориулсан улсын ба орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын нэг хүүхдэд ногдох хэмжээ
Хүүхэд хамгааллын анхан шатны үйлчилгээ авсан хүүхдийн хувь
Хүүхдэд учирсан эрсдлийг илрүүлсэн тохиолдол, түүнд үзүүлсэн кейс үйлчилгээний хувь
Хүүхэд хамгааллыг хүлээн зөвшөөрдөг хүүхэд, насанд хүрэгчдийн эзлэх хувь, хэмжээ

———————-oooOOOooo———————–

“Хүүхэд хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСХ, НҮБ ХС 2007

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСХ, НҮБ ХС 2007

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСХ, НҮБ ХС 2007

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСХ, НҮБ ХС 2007

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСГ, НҮБ ХС 2007

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСГ, НҮБ ХС 2007

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлтийн түүвэр судалгаа ҮСГ, НҮБ ХС 2007

Цагдаагийн Ерөнхий газрын 2009 оны мэдээлэл

Цагдаагийн Ерөнхий газрын 2009 оны мэдээлэл

“Хүүхдийн хөгжил 2005” олон үзүүлэлт түүвэр судалгаа ҮСГ, НҮБ ХС 2007

Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт-Үндэсний хоёр дахь илтгэл МУЗГ 2007

Үндэсний Статистикийн хорооны статистикийн эмхэтгэл 2008

Асрамж, халамж, хамгааллын байгууллагын стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний мэдээ НХХЯ, ХХҮГ, ХТГ 2009

Цагдаагийн Ерөнхий газрын 2009 оны мэдээлэл

Үндэсний Статистикийн хорооны статистикийн эмхэтгэл 2008

Leave a Reply