МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж
2.1.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Хүүхдийн эрхийг хамгаалах тухай[2], Ариун цэврийн тухай[3], Хүнсний тухай[4], Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль[5] болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хүүхэд харах үйлчилгээ” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг;
3.1.2.“хүүхэд харагч” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэнийг;

3.1.3.“хүүхэд харах суурин үйлчилгээ” гэж хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд гэрээт үйлчилгээ эрхлэхийг;
3.1.4.“хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж хот, суурин газраас бусад газарт хүүхэд харагч энэ хуулийн 6.1-д заасан орчинд очиж, тодорхой хугацаанд гэрээт үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.5.“хүүхэд харах үйлчилгээний байр” гэж эрх бүхий байгууллагаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан, хүүхдийн амьдрах хэвийн нөхцөлийг хангасан бүх төрлийн орон сууц, байшин барилга, өрөө, танхимыг.
4 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчим
4.1.Хүүхэд харах үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх;
4.1.2.хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй, харилцаа, зан суртахууны хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөөлөл, үр дагаваргүй байх;
4.1.3.эцэг, эх, асран хамгаалагч, хүүхдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн байх;
4.1.4.хүүхэд харах суурин болон явуулын үйлчилгээ нь хүүхэд харагч, эцэг, эх, асран хамгаалагчийн харилцан зөвшилцөл, хамтын хариуцлагын үндсэн дээр нээлттэй, уян хатан байх;
4.1.5.хүүхэд харах суурин болон явуулын үйлчилгээ, орчин нөхцөл нь эцэг, эх, асран хамгаалагчийн хяналтын доор ажиллах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдагч
5.1.Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана.
5.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.
6 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
6.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 13.1-д заасан үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.
6.2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
6.2.1.байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;
6.2.2.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах;
6.2.3.байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх;
6.2.4.гэрт зохион байгуулагдах бол гал тогооны тусгай гэртэй байх;
6.2.5.гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх;
6.2.6.байр, гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх;
6.2.7.байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.
6.3.Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байна.
6.4.Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.
6.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно.
6.6.Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.
6.7.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартыг Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ
7 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт
7.1.Хүүхэд харах үйлчилгээний ажиллах цагийн хуваарь нь хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн ажлын цаг, үйлчлүүлэх хэрэгцээнд нийцсэн байна.
7.2.Хүүхэд харах үйлчилгээг суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулна.
7.3.Хүүхэд харах үйлчилгээний ажлын цаг нь өдөрт найман цагаас илүүгүй байна.
7.4.Хүүхэд харах үйлчилгээ нь өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдээс өмнө, хойно хоёр удаагийн цайны үйлчилгээтэй байна.
7.5.Хүүхэд харах үйлчилгээний хүүхдийн хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэмжээ, хоолны орц нь төрийн өмчийн найман цагийн өдрийн цэцэрлэгтэй адил байна.
7.6.Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч нь эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан зөвшилцөж баталсан өдрийн дэглэм, хоолны цэсийг мөрдөж ажиллана.
7.7.Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийн ирцийг тогтмол бүртгэж ажиллана.

8 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл
8.1.Хүүхэд харах үйлчилгээнд дараах зүйлийг хориглоно:
8.1.1.хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхих;
8.1.2.хүн амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах;
8.1.3.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс бусад үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах;

8.1.4.эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулах;
8.1.5.хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслэлээр тоглуулах;
8.1.6.хүүхэд харах үйлчилгээнд шашны зан үйл, үйл ажиллагаа явуулах;
8.1.7.хүүхэд харах үйлчилгээний байранд зөвшөөрөл авсан этгээдээс өөр гадны хүн нэвтрэх;
8.1.8.хүүхэд харагч хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны аливаа хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх зэрэг шийтгэлийн арга хэрэглэх.
9 дүгээр зүйл.Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг
9.1.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгана.
9.2.Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна.
9.3.Хүүхэд харагч хүүхэд харах үйлчилгээнд зориулж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийн 10.2-т заасан хэмжээнд багтаан төлбөр авч болно.
9.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэд харагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс санхүүгийн дэмжлэг шаардахгүйгээр энэ хуулийн 6.1-д заасан нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА
10 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
10.1.Хүүхэд харах үйлчилгээний бодлого, төлөвлөлт, санхүүжилт, удирдлага, мэдээлэл, хяналт-шинжилгээ, зохицуулалтыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, хэлтэс хариуцан хэрэгжүүлнэ.
10.2.Хүүхэд харах үйлчилгээний шалгуур, болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
10.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.4-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан иргэнийг сургалтад хамруулж гэрчилгээ олгоно.
10.4.Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ
11 дүгээр зүйл.Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

11.1.Эцэг, эх, асран хамгаалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхэд хяналт тавих;
11.1.2.хүүхэд харагч нь эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан эсэхэд хяналт тавих;

11.1.3.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх нөхцөлийг хангасан эсэхэд байнгын хяналт тавих;
11.1.4.хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавих;
11.1.5.харилцан зөвшилцсөн төлбөрийг төлөх;
11.1.6.хүүхдэд шаардлагатай ариун цэврийн болон бусад хэрэглэлийг хариуцах;
11.1.7.үйлчилгээтэй холбогдсон аливаа санал, гомдлыг эрх бүхий байгууллагад гаргах;
11.1.8.хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, товлосон хугацаанд дархлаажуулалт хийлгэх.
12 дугаар зүйл.Хүүхэд харагчийн эрх, үүрэг

12.1.Хүүхэд харагч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.хүүхдэд үйлчилж байгаа хугацаанд тэдний амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх, аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хүүхдийг хамгаалах асуудлыг бүрэн хариуцах;
12.1.2.санхүүгийн бүртгэл, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх;
12.1.3.хүүхэд харах үйлчилгээнд хоол, хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;
12.1.4.хүүхэд харах үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах;
12.1.5.хүүхэд харах үйлчилгээ эцэг, эх, асран хамгаалагчид нээлттэй, тэдэнд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн байх;

12.1.6.эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах;
12.1.7.эцэг, эх, асран хамгаалагчид энэ хуулийн 12.1.6-д заасан гэрээний үүргийн хэрэгжилт болон төлбөр, санхүүжилтийн зарцуулалтын тайланг танилцуулах;

12.1.8.хүүхэд харагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хоол ундыг бэлтгэх, хооллох, ариун цэврийг сахих, эрүүл ахуйг хамгаалах, хүүхэд орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшихэд туслах, амраах, тоглуулах, хүүхдийн биеийн байдал, өсөлт хөгжлийн талаар эцэг, эхэд нь мэдээлж байх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
13 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
13.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 6.4-д заасан иргэн зохион байгуулна.
13.2.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байдал, баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.
13.3.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
13.4.Энэ хуулийн 5, 6, 7, 8 дугаар зүйл, 9.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг зөрчсөн нь энэ хуулийн 15.2-т заасан эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдвол хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.
14 дүгээр зүйл.Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
14.1.Зөвшөөрөл авахад энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТ
15 дугаар зүйл.Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт
15.1.Хүүхэд харах үйлчилгээний байнгын хяналтыг эцэг, эх, асран хамгаалагч хэрэгжүүлнэ.
15.2.Энэ хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн ажилтан хяналт тавина.

НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомж зөрчигчид эрх бүхий байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомж болон энэ хуульд заасны дагуу дараах хариуцлага хүлээлгэнэ:
16.1.1.сануулах;
16.1.2.торгох;
16.1.3.зөрчлийг давтан, удаа дараа гаргасан бол зөвшөөрлийг хүчингүй болгох.

17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
17.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
[2] Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
[3] Ариун цэврийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
[4] Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн.
[5] Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн.

Leave a Reply